Mittwoch, 13. Mai 2009

Хөдөөний жаахан Дэнсмаа хотын цагаан хүүхэн болсон нь

Бага байхад эмээтэйгээ цай уугаад, юм яриад их суудаг байждээ. Эмээ маань намайг хааяа жаал чалчиж суухаар их баярлана, тэгээд л амьдрал, залуу насаа дурсаад ярихаар, тэр нь надад үлгэр шиг л санагддаг байж билээ. Эргээд санахад эмээгийн маань туулсан амьдрал их сонин санагддаг юм. Иймээс зээ охин нь болох миний би энэхүү бичлэгийг хайрт эмээ Дэнсмаагийн дурсгалд зориулав.

Миний эмээ Завхан аймгийн нэгэн суманд айлын бага охин болж төрсөн юм. Дээрээ нэг эгчтэй ба түүндээ ухаангүй хайртай. Эмээгийн маань аав жирийн малчин боловч нутаг усандаа нилээн чинээлэг нэгэн байж. Тэрээр их ажилсаг, нямбай зан чанартайн хирээр эхнэр хүүхдүүддээ бас нилээн хатуу, хахир. Эмээгийн маань ээж харин дугуй цагаан царайтай, өтгөн хар хөмсөгтэй, эргэлдсэн алаг нүдтэй их сайхан царайлаг хүүхэн байсан гэдэг. Ааш зангийн хувьд чанга дуутай, тас тас хөхөрсөн, нилээн гал маягийн, бид нарын хэлдгээр жинхэнэ цоглог бүсгүй. Хэхэх. Тэр хирээрээ харин бас ааштай байсан гэж эмээ маань ярьдаг байсан юм. Эмээг маань 13-14 настай байхад ээж нь гэнэт өөд болоод 2 охин аавтайгаа үлдэж. Удаа ч үгүй аав нь 17-18 настай том охиноо өөрийн зарц болох Чулуун хэмээх залуутай суулгахаар болов. Чулуун бол эмээгийн маань аавын адуу малыг хамжилцан тэднийд зарц маягаар амьдардаг нэгэн. Чулууны аав болох Юндэн олон хүүхэдтэйгээс гадна туйлын ядуу, ан хийж амь зогоодог нэгэн байсанж. Эмээгийн аав нь Чулууныг ажилсаг нямбай гэж их тоодог байсан ба өөрөө өв залгамжлах хүү үгүй тул Чулууныг том охинтойгоо суулгавал өв хөрөнгийг нь үрэн таран хийлгүй аваад явчих чадвартай гэж үнэлнэ. Харин эмээгийн маань эгч буюу бидний хэлж заншснаар Том Аниа маань тэр үед өөр сэтгэлтэй залуутай байсан ба өөрөө ч ээжийгээ дуурайсан омог бардам зантай хирнээ яаж ч эсэргүүцээд эцгийн үгнээс зөрж чадаагүй гэдэг. Удалгүй нээх их хурим найр гэлгүй Том Аниа, Чулуун ах 2 маань нэг гэрт орсон аж. Үүнээс 2 жилийн дараа эмээ маань 16 нас хүрж ааш зан зөөлөн, намбатай, царайлаг хэмээгдэм нутаг усныхандаа ихэд тоогдсон охин болжээ. Удсан ч үгүй эмээ маань сэтгэлтэй залуутай болж ихэд аз жаргалтай байсан гэдэг. Тэр үед Завхан аймаг шинэ засаг даргатай болсон нь 30 гаруй насны, эхнэрээсээ бэлэвсрэн хоцорсон залуу байж. Залуу дарга хэдий эхнэртэй байсан ч хүүхэдгүй ба намын өндөр албан тушаалтны хувьд түүнд ганц бие байх нь зохимжгүй. Тиймээс тэрээр эхнэр авахаар ойр хавийн залуу охидуудыг судалж эхлэсэн гэдэг. Эхнэр шалгаруулалтын сүүлийн шатанд 2 охин үлдсэн нь миний эмээ ба тэдний саахалт айлын үе тэнгийн нэгэн охин. Залуу засаг дарга эхлээд саахалт айлын охины гэрт очиход охин даргын чийчааныг алга ташин тойрж дэвхцээд айлын хүүхдүүдэд эгээ л өөрийн мэтээр гайхулан байсан нь айлын эхнэр гэхээсээ илүү жоохон хүүхэд байна гээд залуу даргад гологджээ. Үүний дэргэд эмээ маань харин гэрийнхээ бүх ажлыг хийдэг ихэд хэрсүү охин байж. Ээж эгч нь байхгүй тул тэхээс ч өөр арга байхгүй байсан биз. Энэхүү байдал нь даргад ихэд тоогдож эмээг маань эхнэрээ болгохоор шийдэн, бэр гуйхад аав нь ч дуртай зөвшөөрснөөр хурим найрын бэтгэл эхлэжээ. Энийг сонссон Том аниа маань харин ихэд уурлан, аавыгаа "миний амьдралаар тоглож ханахгүй одоо ганц дүүг маань энэ хөгшин хар юманд өгөх гэж байна" гээд хөхүүл нялх хүүхэдтэйгээ тоолгүй эмээг дагуулаад хотруу оргох оролдлого хийсэн хэдий ч харанхүй шөнө болоход ойд чоно улин тэр 2ыг айлгаж, дээрээс нь Том аниагийн хөх чинэрэн нялх үрээ санаад хоёуул гэртээ хариснаар бүтэлгүйтсэн гэдэг. Инээдтэй ч юм шиг хэрнээ, эмгэнэлтэй. Ингээд эмээ маань өөрөөсөө 16 ах танихгүй хүний буюу өвөөгийн маань эхнэр болсон ба удалгүй өвөө маань тушаал дэвшиж хотод ирснээр 16 настай жаахан охин анх Улаанбаатар хотод хөл тавьсан түүхтэй. Өвөө санхүүгийн техникумыг төгссөн тэр үеийн сэхээтнүүдийн нэг байсан ба сангийн яаманд өндөр албан тушаалд очсоноор тэр үеийн дарга нарын бүх л эх ямбыг эдлэх болж . Улаанбаатар хот харин бидний мэдэх хотоос тэс ондоо, гэр хороолол голдуу байсан ба хамгийн өндөр байшин нь 2 давхар байсан гэж эмээ маань ярьдаг байсан юм. Өвөө, эмээ 2 хотын төвд нэгэн өргөн хашаанд дан орос мэргэжилтнүүдтэй хамт амьдардаг байсан гэдэг. Эмээ маань анх удаа орос хүн харж байгаа тул их айдаг. Өвөөг өглөө ажилдаа явахад нь гарч нэг бие засч аваад, өдөржин гэрээс гаралгүй өвөөг ирэхийг хүлээдэг байж. Заримдаа өвөө оройтхоор эмээгийн давсаг чинэрээд үхэх шахдаг байсан гэж эмээ маань өөрийгөө шоолон хөхөрдөгсөн. Хэхэхэх. Өвөө эмээ 2 анх нэг гэрт орсоны эхний шөнө өвөө маань йим жаахан охиныг би одоо яалтай нь билээ, дасаж ээнэгштлээ тусдаа унтаж бай гээд эмээг духан дээр нь нэг үнссэн гэж байгаан. Ингээд дасах гэж нилээн хэдэн сар болсны эцэст эмээ өвөө 2 жинхэнэ ёсоор нэг өвөрт орсон гэж би ойлгосон. Нарийн ширийнийг эмээ яриагүй ба би ч лавлаж асуусангүй. Хэхэхэ. Миний өвөө гарамгай санхүүч байсан ба сайд болтлоо дэвшсэнээс гадна, эх орны дайн эхлэхэд орос ах нарт тусламжийн бараа хүргэж өгөх багийг ахалж явсан юм. Мөн анхны 10 төгрөгийн дэвсгэрт дээр гарын үсгээ зурж байсан түүхэн хүн билээ. Эмээ маань ч овоо нүүр хагарч өвөөг даган энд тэндхийн хүлээн авалтад их оролцдог байсан ба нэг тийм хүлээн авалтын үеэр Цэдэнбал даргатай таархад Цэдэнбал гуай энэ хөөрхөн бумбагар охин чинь Бямбаагийн эхнэр байсан юмуу гээд хацарыг нь чимхэж өхөөрдөж байсан гэдэг. Эмээ маань Цэдэнбал даргыг ихэд хүндэтгэдэж, энэ хүний уед л Улаанбаатар хот хамгийн их хөгжсөн хэмээн улаан ардчилагч охин хүргэдүүдээс хамгаалан маргалдахаар барахуу сонгуулиар бол жинхэн улс төржиж хэний ч ятгалганд оролгүйгээр МАХНамдаа саналаа өгдөг байсан юм. хэхэхэ. (Үргэлжлэл дараагийн дугаарт)

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen