Mittwoch, 13. Mai 2009

Энхрий хайрт ४० мянгат минь ээ...

Би бол угийн тас хотын хүүхэд. Ер нь бол хөдөө бараг явж үзээгүй. Дээд сургууль төгссөн жилээ харин найзын маань найз залуу цагдаагийн академи төгсөөд Увс аймагт хуваарилагдсан юм. Бид 2 тэгээд түүнийг эргэдэг хүн болоод 3 долоо хоног Увс явсан. Тэгэхэд надаа бас л гадаадад байгаа юм шиг л байсан. Гоё байсан л даа, гэхдээ л тийм дотно санагдаагүй. Төрж өссөн Улаанбаатар, тэр дотроо 1р дөчин мянгат, Улсын их дэлгүүрийн зүүн талын гудамж, урт цагаан, хүнсний 20р дэлгүүр гээд сэтгэлд дотно газар их байна.
Тэнд л миний бага нас, хамаг сайн сайхан дурсамжууд маань өнгөрч дээ. Хичнээн зуны оройг найз охинтойгоо Их дэлгүүрийн урьд талын фонтаны хажууд байдаг сандал дээр чалчиж өнгрүүлсэн юм бүү мэд. 51-р дэлгүүрт хичнээн цаг ч талханд очерлож байсан юм. Зуны өглөө эртлэн сэрхэд цонхоор болжмор жив жив дугараад, цэвэрлэгч гудамж шүүрдээд л шүүр нь шар шар дугарахыг сонсож хэвтэх миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг. Тэгээд л босоод хүнсний 20луу очиж сүү авна даа. 40 мянгатын байрууд чинь нээх гоё зохион байгуулалттайшд. Дандаа 4-5 байр өөд өөдөөсөө хараад тойрог үүсгэчихнэ. Тэгээд дундаа хүүхдийн тоглоомын талбай, беседка байршуулсан. Бас аймар их моднууд суулгачихсан байдаг байсан. Зун болхоор айлын эгч нар, тэр дундаа манай ээж ч гэсэн моднуудын хооронд хэц татаад л угаасан юмаа өлгөчихөнө дөө. Цагаан сар дөхөөд ирэхээр айлын аав нар бууз хөлдөөндөө. Тэр үед ямар одоогийнх шиг сайхан хөлдөөгч энэ тэр байх биш. Ээж эмээ 2 буузаа чимхээд л аав бууз өрсөн гамбанзаа аваад л гарна. Тэгээд л хүүхдийн гулсуур дээр тавиад хөлдөхийг нь хүлээгээд манана даа. Манахгүй бол золбин нохой ирээд идчихэнэ. Хэхэхэ. Тэгээд удаа ч үгүй бусад айлын аав нар бас гараад ирнэ. Тэгээд л хамтдаа тамхиа татаад л буузаа манаад л ... . 1р 40 мянгатын хамгийн анхны байрууд 3 давхар ба дээд талын давхар нь л балконтой байсан юм. Манайх 2 давхар болохоор балкон байхгүй. Орцондоо 9 айлтай. Бие биенээ андахгүй, бараг хамаатан болчихсон. Хичнээн ч жил хамт амьдарсан юм бүү мэд. Манай байр л лав анх баригдангуут нь өвөө эмээ 2 ороод, тэнд ээж маань төрсөн гэж байгаан. Тэгээд айлын бага эрх охин гэртээ үлдээд эгч нь тусдаа гарсан. Тэхээр ээж хөршүүдээ ээж аав, эмээ өвөөтэй нь хар багаас нь мэддэг. Сард нэг удаа бөөнөөрөө нийлээд орцоо цэвэрлэнэ ээ. Аймар өндөр цонхнуудтай тэрийг нь угаах гэж бөөн юм болдог байж билээ. Тэгээд бас болоогүй тэрийг чинь хуучин орны давуугаа урт нарийхан болгож цуулаад, жонхуудаад дулаална. Хавар нь буцааж дулаалгаа аваад цэвэрлэнэ. За тэгээд тэр үед архи мархи гээд л юм ямар ч ховор байсан юм. Хэдэн хөршүүд хоорондоо байнга л сонгино, тос, архи гээд л есөн жорын юм зээлээстэй, зээлүүлээстэй. Гуйгч нар нь дандаа хүүхдүүд. Заримдаа Их дэлгүүр, ХИД гээд л том дэлгүүрүүдэд ховор нандин юм ирнэ. Тэгэхээр орцноос төлөөлөгч яваад бараг айл бүрд авна. Манай том өрөөний цонх Их дэлгүүрийн зүүн талын машин замруу хардаг байсан юм. Миний мэдэхийн дандаа гэрэлтэй, бас 2 талаараа өндөр өндөр цаглагар модтой байж билээ. Өвлийн орой хөшигний цаагуур ороод л цонхны тавцан дээр суугаад цонхоор цас орохыг харах аймар дуртай байсаншд. Том том цасан ширхэгүүд гудамжны гэрэлд эргэлдээд л газар унана. Хараад л нөгөө Андерсоны үлгэр дээр гардаг Цасан хатныг бодоод л суудаг байсан гэжийгаан. Зун болхоор гэрлэн дохионы хажууд талын модны мөчир дээр гараад суучихана. Тэгэхэд ерөөсөө харагдахгүй сайхан нуувч байсан шүү. Тэгээд л гэрлэн дохион дээр зогссон машинуудруу ус цацаад л... Хэхэх. Ёстой хөгжилтөй байсан санагддаг юм. Сая монгол яваад тэр хавиар очсон чинь ямар ч мод байхгүй болчихсон, нил шороо, хог болсон байсан. Хараад сэтгэл их өвдөж билээ. Ээж, аав, эмээ, өвөөгийн маань сулгасан моднууд бүгд байхгүй. Тэр моднууд чинь тийм том саглагар болж ургатлаа дор хаяж 20 жил шүү дээ. За тэгээд Туул рестораны хуушуур гэж нэг гоё юм байсан шүү. Хааяа хоол хийхээс залхуураад тэндээс хуушуур авч иднэ. Аан тийм бас КВАС. 50 мөнгний квас нь том пивоны кружканд ирнэ. Би үеээлтэйгээ дандаа авч уудаг байсан юм. Тэгээд л албатай юм шиг нэг кружкатай квас авчаад л одоо би, одоо би гээд л мөн их хэрэлддэг байж дээ. 2х25 мөнгний стакантай квас л авна биз. Бүтэн сайн өдөр бас нээрээ хогны машин ирдэг байсан юм байнашд. Өглөө аймар эрт ирээд л сигнаалдаж өгнө дөө. Ээж бос хогоо асга гээд л ............ Миний дургуй нээрээ аймар хүрдэг байж билээ. хэхэхэ. Бас нэг гоё юм бол кинотеатр. Тэр жил "Би чамд хайртай" Ялалтад гараад. Яагаав нөгөө Үрлээ, Дэлгэр, Баяраа 3ын тухай. Тэгсэн би ахыгаа дагаад л үздэг хүн болсон яасан. Насанд хүрээгүй гээд оруулдаггүй байнашд. Би нэг 7, 8 настай байсан байх. За тэгээд 8-9р ангид байхад Агшин гэж кино гараад. Ард кинотеатрд хичнээн ч удаа гарсан юм. Би хичнээн ч удаа үзсэн юм бүү мэд. Бараг 10 хүрсэн байхаа. Хэхэхэ. Ингээд дурссан чинь нээрээ сайхан байна шүү. Намайг 10р ангид ордог жил манайх өөр нэгэн хороололруу нүүгээд би ижил дасал болсон 40 мянгатаа орхисон доо. Гэхдээ л би одоо ч гэсэн өөрийгөө 40 мянгатынх л гэдэг.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen