Mittwoch, 13. Mai 2009

Эсгий гудасны шидээ гэж...

Аль хэдэн жилийн өмнө нөхрийн танил нэг монгол залуу нүүх болоод манайд хөнжил гудас гэх мэт бага сага хогшилоо түр тависан юм. Тэгээд бага багаар зөөсөөр байгаад нэг эсгий гудас нь үлдээд өөрөө тэр чигээрээ алга болсон. Одоо хаана ч явдаг юм бүү мэд. Би яахавдээ арчаатай, ажилтай хүүхэн юм болхоороо нөгөө гудасыг нь тал талаас нь шиншилж үзээд эсгий сайтай юм байна гэж онош тавиад хаяхгүйгээр, өнгийг нь солиод өөд нь татаад авчихсан юм. Хаа нэг хүн амьтан, зочин гийчин ирэхээр дэвсээд өгчихдөг юм. Бусад үед нүднээс далд гээд сайхан хуулиад орныхоо доогуур хийчихсэн.
Тэгсэн хэдэн сарын өмнө байх, хайрт нөхөр маань би ойрдоо хар дарж зүүдлээд сонин байна аа л гэж байна. Би тэгэхээр нь “Орой үдэш унтахынхаа өмнө бага хоол идэж бай. Нөгөө монголчууд өдөржин махаа идээд, шөнөжин мангасаа зүүдлээд гэдэг чинь болж байгаа юмаа ” гэв. Тэгсэн манай сайхан залуу нэг олон юм ярилгүй чимээгүй болчив. Хэд хоногийн дараа би “Нөгөө хар дараад байна гэсэн гайгүй юу?” хэмээн асуутал өөдөөс “Гайгүй. Тэр нэг хүний гудас орон доор миний талд байгаад байсан байна лээ. Аваад өөр газар тавьчихсан чинь дахиж хар дарж зүүдэлсэнгүй” гэдэг юмдаа. Хахаха. Манай нөхөр ба түүний хамаатнууд ер нь их сүжигтэй, шүтлэгтэй хүмүүс байгаа юм. За манай сайхан залуу бол дээрээс нь аймар сэжигч. Гэхдээ нээрээ гудаснаас болж хар дардаг гэж байна шүү. Би ч гэхдээ уурлахыг нь мэдэж байгаа тул шоололгүй “Нээрээ ямар ч хүний гудас юм билээ?” ухааны юм яриад өнгөрсөн юм. Тэгээд тэр гудсыг таг санчихаж.
Тэгсэн өнгөрсөн хагас бүтэн сайнд эгч гэр цэвэрлэх зуур орон доорх тоосоо соруулах гэтэл нэг юм тээглээд болдоггүй ээ. Гайхаад хартал нөгөө муу гудас чинь байж байна. Күэ энийг чинь өөр газар тавьчихлаа энэ тэр гээгүй билүү гээд сайн хартал хайрт нөхөр гуай хуйлсан гудсыг өөрийн унтдаг талаас түлхээд миний унтдаг талын доор эвтэйхэн хуйлаад тавьчихсан байвал яахуу? Хэхэхэ. Энийг одоо юу гэж ойлгох уу? Хахах.

2 Kommentare:

  1. хахаха одоо нөхөр бол нам унтаал аан хэхэ сүжиг ээ гэж

    AntwortenLöschen
  2. ха ха ха сэтгэдэг л ах хүү байна даа,,,

    AntwortenLöschen