Анх охиноо төрөхөд би баярлаад, ээж болох чинь ийм сайхан байдаг билүү гэж бодон үнэхээр их жаргалтай байсан. Гэхдээ яг хариуцлагаа бүрэн хэмжээгээр ухамсарлаж эх хүн болсон маань нилээн сүүлд. Намайг төрөхөд ээж маань хамт байж, охиныг маань 2 сар гартал байсан юм. Ээжийгээ монгол буцаад 1 сарын дараа би охиноо аваад Монгол явсан. Тэнд ээж, аав 2 гэж том туслагчтай ер түүртээгүй. Гавьяа байгуулсан юм шиг л эрхэлж байгаад охиноо 6 сар хүргэд буцаж билээ. Эндээс хойш л нөхөр бид 2 яг өөрсдөө охиноо гардан асарсан гэж болно. Нөхөр маань долоо хоногийн 3 өдөр нь өөр хотод очиж ажилладаг ба гэртээ байх үедээ хичээл ихтэй байдаг тул өглөө гараад л орой орж ирнэ. Тиймээс би охинтойгоо өдөржин гэртээ байдаг. Энэ үе ер нь надад хамгийн хэцүү байсан. Та нар төрсний дараах депресси буюу хямрал гэж сонссон л байх. Одоо бодоод байхад би яг тэрийг туссан гэж санадаг юм. Ядаж байхад манай хотод ямар ч монгол байхгүйгээс гадна, дөнгөж нүүж очсон байсан болохоор надаа таньж мэддэг хүн байхгүй. Би тэгэхэд үнэхээр их бухимддаг, тэрийгээ байнга дардаг. Бүх юманд ганцаар л юм шиг санагдана. Бухимдлаа гаргах ямар ч боломжгүй байна гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Сайндаа л хааяа нөхөрлүүгээ уурлана, үглэнэ. Нөхөр маань тэгэхээр өөдөөс бас уурлана, бухимдана. Мэдээж ажлаасаа ирээд ядарч байгаа хүнлүү үглээд байхаар ямар олиг байв гэж. Эцэст нь би өөрөө буруутай болоод тэрүүндээ бүүр их бухимдана. Сүүлдээ би охинруугаа уурлах, би яах гэж хүүхэд гаргаж өөрийгөө ийм байдалд оруулав гэх мэт бодлууд миний толгойд орж ирэх болсон. Би өөрөө эргээд энэ бодлоосоо айхын зэрэгцээ өөрийгөө үзэн ядан, заримдаа үхмээр санагдана. Бухимдлаа тайлах гэж янз бүрийн амттан, хоол иднэ. Тэрнийхээ хэмжээгээр таргалана. Тэрэндээ бүр их сэтгэлээр унана. Гадагшаа бол энэ байдал нь нээх анзаарагдахгүй. Сайн ажиглавал их огцом ууртай ба ямар ч авцалдаагүй юман дээр маш их уурлана. Нэг удаа бүр нөхөрлүүгээ ганжин барьж дайраад. Нөхөр маань надаас зугатаад унтлагны өрөөнд ороод дотроос нь цоожилчихсоныг би гаднаас нь нүдээд хаалгыг нь цөмлөж байхав дээ. Хэхэ. Охин маань тэгэхэд 1 ой л өнгөрч байсан. Би гэхдээ өөрөө миний сэтгэл зүй хямраад байгааг ухамсарлаж байсан тул ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйг ойлгож байсан. Ингээд би орчноо бүрэн солихоор шийдсэн юм. Нэг өдөр нөхөртөө охиноо монгол явуулаад өөр хотруу явж ажил хийхээр шийдсэнэ ээ хэлэв. Уурлах байх гэж айж байсан ч би нэгэнт шийдсэн байсан. Нөхөр маань харин намайг ойлгож дэмжсэнд би үнэхээр баярладаг. Ингээд би 1 ой 2 сартай охиноо найздаа өгөөд монгол явуулаад онгоцны буудал дээрээс шууд нөхрөөсөө салаад өөр хотод байдаг найз охинруугаа явсан даа. Охиноо явуулахад миний зүрх баг зэрэг хөндүүрлэсэн ч тийм ч их сэтггэл хөдлөөгүй. Нөхөр минь харин охиноо өрөвдөөд уйлж байгааг би ер ойлгоогүй юм. Ингээд би бараг 3 сар өөр хотод ажил хийхдээ ганцхан удаа л нөхөртөйгөө уулзсан. Монголруу байнга холбоотой байсан ба ээж, аав 2 дээр охин маань байсан болоод ч тэрүү нээх санаа зовоогуй л юмдаг. Ингээд би 3 сарын дараа тураад, сэтгэл санаа сэргээд, эрч хүчээр дүүрэн хүн гэртээ ирсэндээ. Би тэгэхэд үнэхээр сэргэж эмчлэгдэн байсан. Охин маань монголд 4 сар болоод ээжийн маань найз эгчтэй хамт буцаж ирсэн юм. Би онгоцны буудал дээр л охиноо ямар их сансанаа мэдсэндээ. Гараад ирэнгүүт нь тэвэрч аваад яаж үнсэж үнгэхээ л бодож байлаа. Гэвч үнэн байдал тэс өөр байсандаа. Охин маань намайг танихгүй, авчирсан эгчрүү тэмүүлж уйлаад, буцаж онгоцруу орох гээд.... Би шууд охиноо тэврээд л ээжийхээ найз эгчид баярллаа ч гэж хэлэлгүй холдсон. Би охиноо ингэж зовоож байхаар шууд явж буй машины урдуур үсэрчих юмсан гэж бодогдоно. Хүний сэтгэл өвдөнө гэдэг чинь ямар аймар юм бэ? Бүх бие шархираад, цээж бачуураад. Гадаа нар ээж, хүмүүс халууцаж байсан ч надаа бол тас харанхуй, охины маань намайг түлхээд уйлаад байгаа дуу л чихэнд хангинаад байсандаа. Би охиноо аргадахыг оролдон шууд машинд суугаад нөхрөө хүлээв. Нөхөр маань ч удалгүй охиныг маань авчирсан хүмүүст баярласан талархсанаа илэрхийлээд хүрээд ирэв. Ингээд бид 3 гэрийн зүг явсандаа. Гэр хүртэл маань 5 цаг машинаар явсан ба тэр 5 цагт би их ч зүйлийг ухаарсан. Тэгэхэд л би чинь ээж болсондоо. Энэ бяцхан амьтаныг надаас өөр хайрлаж хамгаалах хүн байхгүй. Тэгэхэд би ийм нялхаас нь хагацал үзүүлж ингэж зовоох гэж бодох тусам нулимс урсаад охиноо улам чанга тэвэрмээр санагдавч нойрыг нь үргээхгүйн тулд өөрийгөө хүчлэн, хүчлэн явсандаа. Нөхөр маань ч намайг ойлгосон юмуу, олон юм асууж шалгаалгүй чимээгүй л жолоогоо мушгина....
Тэрнээс хойш би охиноосоо нэг алхам ч холдоогүй. Хаана ч явсан салбагнуулаад л дагуулаад л явдаг. Хэдий би охиндоо хорвоогийн бүх л сайн сайхныг хүсдэг ч энэ бол миний л хүсэл. Харин охинд маань ээж, аав нь л хажууд нь хамт байж, хайр халамжиндаа эрхлүүлж байх нь чухал гэдгийг ойлгодог. Хэзээ нэгэн цагт миний охин эрийн эхнэр, үрийн ээж болон ээжээсээ холдон явна даа. Тэр болтол ээж нь охиноосоо хайшаа ч холдохгүй. Уйлахад нь аргадаж, унахад нь түшиж, бүүвэй аялаж, энгэртээ тэвэрсээр л явна. Одоо миний охин сэргэлэн нь дэндсэн инээдтэй шар хүүхэн болсон. Сайн ухаан ороогүй байсан болоод ч тэрүү охин маань тэгж монгол явж байснаа ер санадаггүй юм. Санаад ч яах юм билээ. Харин би бол ер мартдаггүй. Охины маань өр өвдмөөр гомдолтой, өрөвдмөөр уйлж байгаа нь одоо ч чихэнд сонсогдож, нүдэнд харагдах шиг. Тэр болгонд миний зүрх хөндүүрлэж би одоо ч өөрийгөө уучилж чадахгүй л явна. Гэхдээ хэрэв тэр үед би тэгж шийдээгүй бол тэрнээс аймар юм болж болох байсан гэх бодлоор сэтгэлээ тайвшруулж явдагдаа.
Ингэж л би ээж болсон түүхтэй. Охид бүсгүйчүүд минь хэдий эх хүн үрийнхээ төлөө бүхнийг хийх хэрэгтэй ч заавал өөртөө цаг гаргаж, өөрийгөө бас арчилж хайрлаж байгаарай. Ээж хүн чинь өөрөө аз жаргалтай байжээж л үр хүүхэддээ аз жаргал хайрлана шүү дээ. Эцэст нь хэлэхэд энэ хорвоо дээр эх үр хамтдаа байж хагацал бага амсаасайдаа.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen