Mittwoch, 13. Mai 2009

Хөдөөний жаахан Дэнсмаа хотын цагаан хүүхэн болсон түүх. Үргэлжлэл.

Орос ах нар фашист германуудыг буулган авдаг жил ээжийн маань эгч буюу манай Аниа төрсөн юм. Аавыгаа дууриасан бор охин мэндэлсэн ба эмээ маань дөнгөж 19 настай байжээ. Дайны дараа хотын анхны хороолол болох 1р 40 мянгат баригдаж өвөө маань тэнд 2 өрөө байр авснаар эмээ, өвөө 2 охиноо аваад тийшээ нүүжээ. Энэ хооронд харин эмээгийн маань анхны хайры эзэн болох нутгийн залуу хайртай охиноо буцааж авчирхаар Улаанбаатар хотыг зорисон байж.
Хайртай бүсгүй нь засаг даргад богтлуулж Улаанбаатар хот явснаас хойш хэдэн жилийн нүүр үзсэн ч уг залуу хайртай хүүхнээ мартаагүйгээр барахгүй харин ч заавал олж уулзан, хамтдаа оргон зайлна гэсэн бодол тээсээр хичээж зүтгэсний эцэст Улаанбаатар хотод сургуулид сурахаар ирсэн нь тэр. Нутгийн хүмүүсээс асуун сургалсаар хайртай жаахан Дэнсмаагаа олсон бөгөөд хэл дамжуулж чадсанаар одоогоор Улсын Их Дэлгүүрийн урд болзон уулзахаар догдлон хүлээнэ. Тэртээгээс задгай цагаан малгай далийдуухан өмсөж хүүхэд тэвэрсэн хотын ганган хүүхэн ирж явахыг хараад хайртай жаахан Дэнсмаагаа байна гэдэгт итгэж ядан байсан биз. Хөөрхий залуу сэтгэлт хүүхнээ олж авна гэж бодохоос сэтгэлтэй хүн нь өөр хүний хүүхэд төрүүлнэ гэдэг бодол огтхон ч толгойд нь ороогүй байж. Тиймээс эмээг маань охиноо тэврээд ирэхэд хайртай залуу нь өөрийн эрхгүй цөхрөн уйлсан гэдэг. Тэгээд өөр хүний хүүхэд төрүүллээ гэж эмээд маань нэг уурлаж үзээд, хувь тавилантайгаа эвлрэн аз жаргал хүсэн духан дээр нь нэг үнсээд явжээ. Хэдий өөр хүний эхнэр болсон ч сэтгэл зүрхийг нь эзэгнэх тэр хүний явахыг харж зогсох тэр мөчид эмээгийн маань зүрх зүсэгдэх шиг болсон нь лавтай. Энэ уулзалт тэр 2ын эцсийн уулзалт байсан ч эмээ маань насан туршдаа тэр хүнийг зүрхэндээ тээж байнга сургийг нь гаргаж явсаар 2000аад оны эхээр тэр хүн өөд болсоныг сонсоод гашуудан уйлж зул өргөж байсан нь одоо ч миний нүдэнд харагдах шиг. Аниа маань 10 нас хүрдэг жилийн наадмаар миний ээж аавынхаа хайртай хэнз охин нь болон хорвоод мэндэлсэн гэдэг. Ээж маань аавын эрх охин ба эгчээсээ нилээн зайтай төрсөн тул жинхэнэ дураараа гар байсан гэж байгаан. Ээжийг 3-4 нас хүрэхэд эмээ маань хажуугийн цэцэрлэгт багш болжээ. Гэвч удалгүй энэ айлын амьдрал орвонгоороо эргэсэн нь ээжийг маань 4р ангид ордог жил хайрт аав нь гэнэт цус харваснаар өөд болсон явдал юм. Халамжит ханийн хайр, халамжинд санаа зовох зүйлгүй амьдарч байсан эмээ маань 35хан насандаа бэлэвсрэн хүнд цохилтонд орсон гэдэг. Өвөөгийн хамаатнуудад хэл хүргэх цахилгаан явуулах энгийн зүйл хүртэл эмээд маань дааж давшгүй зүйл байсан гэж эмээ маань сүүлд хүүрнэж байсан. Өвөөг өнгөрсний дараа хүмүүсийн зан ааш ч, эмээд хандах хандлага хүртэл өдөр шөнө шиг өөр болж. Энэ үед ганц дүүгээ дагаад хотод нүүж ирсэн ганц эгч нь л хань болж байсан гэдэг. Тэр үед орон сууцнуудад улсаас 2-3 жилдээ нэг том засвар хийгддэг байж. Ажил явдлын дараахан тийм засвар хийх болсон тул зуны 3 сард байраа чөлөөл гэсэн бичиг ирсэнээр эмээ маань бүх эд хогшлоо цэцэрлэгийнхээ агуулахад хадгалуулаад 2 охины хамт эгчийндээ амьдрах болж. Намар болоход засвар ч дуусч, эмээ ч эд хогшлоо авахаар цэцэрлэгийн агуулахад ороход бүх эд хогшлыг нь тоносон байсан юм. Өвөө, эмээ 2 маань ховор нандин хогшил ихтэй байсан нь нөлөөлсөн гэж бодсон ч энэ хорвоод муухай хүн их байх юмаа гэж бодмоор. Наад захын жишээ авахад тэр үеийн жижиг том 10аад хятад хивс байснаас ганцхан л үлдсэн байсан гэсэн. Эмээ маань хамт ажилладаг хүмүүсдээ голдоо ортол гомдсон ч энэ явдал бас эмээг маань хурцалж сэтгэлийн хаттай болгосон юм шиг. Эмээ маань 2 охиноо хэний ч дор оруулахгүй хэмээн зүтгэсээр цэцэрлэгийн дарга болтлоо дэвшиж, мөн 2 солонгосын дайны үед хойд солонгосоос дүрвэж ирсэн өнчин хүүхдүүдийг дааж аван ээжийх нь оронд ээж, аавынх нь оронд аав болон бие сэтгэлээ зориулсан хөдөлмөрийг нь үнэлэн улс эмээг маань хүндэт жуух бичиг, боловсорлын тэргүүний ажилтан гэх мэт одон медалиар шагнасан юм. 35хан настай залуухан бэлэвсэн эхнэрийг эргүүлж тойруулах эрчүүд олон байвч эмээ маань хэнд нь ч нүүр өгдөггүй байсан гэдэг. Эдний дотор харин 3 хүүхэдтэй, эмээгийн адил бэлэвсэн Санж хэмээх нэгэн сэхээтэн хүн эмээг маань шантралгүй эргүүлснээр тэр 2 найзлах болжээ. Энэ 2 хүний харьцаа насан туршдаа үргэлжилсэн ба насан туршдаа бие биендээ үнэнч байсан ч хэзээ ч ханилан сууж нэг гэртээ ороогүйгээр барахгүй ээж маань хүртэл насанд хүрсэн хойноо мэдсэн гэдэг. Би сүүлд эмээгээсээ та 2 нэгэнт л бие биедээ хайртай байсан юм бол яагаад суугаагүй юм бэ гэж асуухад эмээ маань "Би 2 охиноо хэзээ ч хүний гар харуулахыг хүсээгүй ба энэ гэрийн хойморт нэг л хүн байх эрхтэй" гэж байсан юм. Нээрээ л өвөөгийн маань хөрөг зураг, одон медалийн хамт гэрийн маань хойморт байдаг ба эмээ маань дандаа урьд нь зул асаасан байдагсан. Санжаа өвөө бидэнтэй нэг гэрт байгаагүй ч одоо ч бидний амьдралын нэгэн хэсэг. Гэр нь манайхаас нээх холгүй бөгөөд бүтэн сайн өдөр болгон ирдэг байсан юм. Би Санжаа өвөөгийн авчирах чихэрийг хүлээн цонхон дээр догдлоно, эмээ маань цайгаа чанан гал тогоонд догдлоно. Хэхэхэ. Хааяа Санжаа өвөөг утсаар ярихаар эгч маань эмээ найз залуу чинь ярий гэнээ гэж эмээг ичээдэг байж. Хэхэхэ. Ээж, Аниа 2 маань Санжаа өвөөгийн 3 хүүхэдтэй ахан дүүсийн харьцаатай байдаг ба хэдийгээр эмээ маань бурхан болсон ч одоо ч тэд бие биеэндээ тус дэм болон явцгаадаг. Санжаа өвөө маань харин ач нараа тойруулаад энх тунх байгаа ба бид нарыг цагаан сараар ирж золгохыг харуулдан суудаг юм.

3 Kommentare:

  1. Яаж ч бодсон кино шиг амьдрал юм даа. Кино ч хийчмээр, чи ч зохиолыг нь биччихмээр. Нас энээ тэрээ сайн мэдкү болохоор чи л гэчихлээ шүү.
    Бүр Санжаа өвөө хүртэл миний нүдэнд харагдчихлаа байна.

    AntwortenLöschen
  2. Ай амьдрал минь ээ чи гэж дуулмаар болох чинь

    AntwortenLöschen