Mittwoch, 13. Mai 2009

Хайрт аавдаа.

Намайг хүмүүс яасан эрт Март 8 тэмдэглэж эхэлж байна гээд гайхаад байсан. Одоо учрыг нь тайлбарлаадхая. Мартын 8нд миний хайртай аавын төрсөн өдөр болдог юмаа. Тиймээс энэ өдөр аавынхаа баярыг тэмдэглэх гэсэн юм. Энэ өдөр ээжүүдийн баяр, дээрээс нь аавын төрсөн өдөр гээд бөөндөө баярладаг болохоор би мартын 8нд дуртай. Жоохон байхад би “Ээж бид 2 эмэгтэй тул бидний баяр, аавын төрсөн өдөр тул мөн баяр нь. Чи л баяргүй тул өнөөдөр бид 3ын зарц шүү” гээд л дүүгээ мөн ч их уйлуулдаг байсандаа. Хэхэх.
Би энэ хорвоо дээр ганц л хүнийг хамгийн их хүндэлж, ганц л хүнд бүх амь амьдралаа даатгаж, ганц л хүнд өөртөө юм шиг итгэж, ганц л хүний үгийг эргэлзээгүй дагадаг. Энэ хүн бол миний аав. Би хар багаасаа аавын охин байсан. Ээж маань намайг “Эмэгтэй юм байж дандаа аавынхаа талд орно. Том болоод хүний эхнэр, хүүхдийн ээж болохоороо ээжийгээ ойлгоно оо!” гээд л үглэдэг байж билээ. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад ээжийн хэлсэн үнэн байсан ч аавдаа хандах сэтгэл минь ер өөрчлөгдөөгүй. Би аавыгаа улам их хайрлаж, улам их хүндэлдэг. Ээж, дүү бид 3 насан туршдаа аавдаа эрхэлж байгаа хүмүүс. Эргүүлээд аавыгаа эрхлүүлж байсан нь тун ховордоо. Жоохон байхад бид 3 чихрээ хувааж идчихээд, аавыгаа чихэрт дургуйг нь гайхдаг байж билээ. Одоо бодоход аав минь чихэрт дургуй биш, харин бид 3ыг л идэг гэж боддог байж. Миний аав дүү бид 2ыг загнана, зодоно гэж байхгүй. Тэгсэн мөртлөө аавыг нэг эвгүй харахад л бид 2 нам болдог байж билээ. Дүү маань аав нээрээ тувт сэтгэл зүйн дайн хийчих юмаа гээд л инээдэг юм.
Өнөөдөр өдий зэрэгтэй яваа минь аавын минь л ач. Эргээд аавыгаа би ховорхон баярлуулсан даа. Ноднин монголд ажлаар оччихоод байж байхад аав маань нэг удаа халамцуу аав нь охиноороо бахархаж явдаг шүү гээд духан дээр үнсэхэд би баярлаад бараг уйлсан шүү. Үнэндээ би аавынхаа нэрийг өндөрт өргөж, аав маань охиноороо бахархаасай л гэж хүсэж мөрөөдөж явдаг. Амьдралд хүрсэн бүх амжилт маань энэ бодлоос л үйдэлтэй.
Яаж ч хэцүү бэрхшээлтэй тулж, яаж ч зовж байсан аавынхаа дууг сонсоод би тайвширдаг. Хорвоод охиноо хайрлаж хамгаалах аавтайдаа би үнэхээр жаргалтай. Аав минь байгаа болохоор би зовдоггүй ээ. Эрийн эхнэр, үрийн эх болсон хэдий ч аавынхаа нөмрөөс би гараагүй л явна. Нөхөртөө тэгэж эрхэлдэггүй мөртлөө аавыгаа хараад хошуугаа унжуулан эрхэлдэг минь хэвээрэй.
Миний хайртай ааваа! Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Өшөө олон жил эрүүл саруул, энх тунх байж биднийгээ баярлуулаарай! Би таньдаа хайртай шүү.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen