Mittwoch, 13. Mai 2009

Сахилгагүй шарын хорвоод ирсэн түүх

Анх жирэмсэн болсноо сонсоод инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг сонин болж билээ. Тэгээд хэнд ч хэлэхгүй тас нуугаад баймаар санагдсан ч аавд нь мэдээж хэлэлгүй яахав. Тэгээд хүн амьтанд хэлэхгүй гэсэн ам өчгийг нь авсан боловч аав нь тэсэхгүй хорвоогоор нэг тараачихсан байсан. Хэхэх. Миний муухай шар охин чинь харин ээжийгээ ер зовоогоогүйшүү. Хааяа лекцэн дээр удаан хөдөлгөөнгүй суухаар л жоохон тонгочино. Жирэмсний сүүлийн 2 сар харин би жинхэнэ залхуу болж гэртээ дээшээ хараад идээд л хэвтээд байсан. Яг амралт таарсныг ч хэлэх үү. Хүүхэд маань бас дагаад залхуурсан уу яасан доошоо харах ёстой байтал эргээгүй. Хэхэ. Эмч маань хөлөөрөө төрнө гэж байхгүй. Хүүхэд түнхний мултралтай болох аюултайгаас ганда, ээжийнх нь хамаг юм урагдаж их зовдог тул хийсвэр хийнэ гэвээ. Би дотроо жоохон дургуй байсан ч эсэргүүцсэнгүй. Гэхдээ өөрөө өвдөж эхлэхийг нь хүлээнэ гэв. Тэр үед нөхөр маань өөр хотод ажилтай би гэртээ ганцаараа байсан юм. Ганцаараа төрвөл яанаа гээд жаахан айж л байсан. Удалгүй ээж маань монголоос хүрээд ирсэн тул санаа амар болсондоо. Юу юугүй өвдөх байх гээд л хүлээгээд байлаа. Байдаггүй шүү. Тэгсэн ээж “Хүүхэд аавыгаа хүлээдэг юм” гэж байна. 7 хоногийн дараа нөхрийн ажил дуусч гэртээ баасан гаригийн орой ирсэн юм. Тэгсэн бямбаас нямд шилжих шөнө нь гэнэт би сэрдэг юм байна. Гайхаад биеээ чагнасан өвдөж байна аа. Шууд л цаг харав. Тэгсэн 5 минутын зайтай өвдөж байна. Тэгэнгүүт нөхрөө сэрээгээд эмнэлэг явах боловдоо. Өглөөний 5 цаг болж байсан юм. Эмнэлэгт очингуут сувилагч нар тосож аваад л орон дээр хэвтүүлчихэв. Эмчийг маань ч дуудаж. Эмч маань хэдэн минутын зайтай өвдөж байна гэж асуугаад 3 минут болтол нь хүлээнэ гэдэг байнашд. Хэхэхэ. Би ч бүр тэгэхэд ямар азаар хийсвэр хийлгэх боловоо л гэж бодож байсан. Ээж хажууд онигоо ярьж хүн инээлгээд овоо өвчнөө мартаж байсан чинь нөхөр ирснээ нээх зовчихсон царай гаргаад л “Шүд өвдөхөөс ямар байна?” гэнэ үү. Шууд л өрөөнөөс хөөгдсөн хөөрхий минь. Хэхэ. Тэгтэл ашгүй өвдөлтийн зай 3 минут болж хийсвэртээ орох боловоо. Бүтэн наркозонд орсон тул эхлээд нүдний зовхи аниулдаг тариа хийгээд, дараа нь унтуулдаг тариаг нь хийдэг юм байна лээ. Тэр зовхи аниулдаг тариа ч ёстой эвгүй. Бүх ухаан сэргэлэн цовоо мөртлөө нүд тас аниатай, тэгээд яаж ч хүчлээд нээж болохгүй. Тэгсэн чинь эмч маань зүсэх газраа йод түрхээд эхэлж байна. Миний сандарсан гэж. “Юу вэ! Би ухаан алдаагүй байна хөөе!” гээд л орилосон чинь эмч маань шоолоод “Мэдэж байна, мэдэж байна. Хатагтай Горзоок та тайван бай” гэв. Хахаха. Аймар аминдаа хайртай, наасаан. Ингээд миний сахилгагүй шар чинь 5 жилийн өмнө яг маргаашийн 11:30 цагт төрсөн юмдаа. Ээж байхгүй нам унтаж байсан тул шууд аавд нь өгсөн гэнэ лээ. Аав, эмээ 2 нь баахан уйлсан гэсэн. Хэхэхэ.Би орой нь нэг сэрсэн чинь хажууд нэг жижигхэн улаан юм тавичихсан байхыг хараад нээх цээж халуун оргиод л уйлаад, ээж нь охиноо Мишээл гэж нэрлэнэ ээ гэсэнээ бүдэг санадаг юм. (Сүүлд гэхдээ харь газар төрсөн ч гэсэн эргээд заавал нутгаа олоод ирээрэй гэж бэлэгдээд Хулан гэж нэр дээр тогтоод аав нь дээр нь гоо нэмээд Хулангоо болсондоо.) Би харин буцаж унтаад маргааш өглөө нь л сэрсэн. Хэхэх. Миний охин чинь нээх их үстэй, хоёр том хацартай, жижигхээн урт урт хуруунуудтай, 2 нүд нь тас аниалттай хачин муухай амьтан байсан шүү. Охиноо харангуут ертөнцийн бусад бүх хүүхдүүдийн рейтинг нам унааск. Ээж, охин 2 эмнэлэгт бараг 7 хоносон гэж байгаан. Хүүхнүүд чинь төрөнгүүтээ л гэрлүүгээ харина гэж дайраад байна. Би болохоор харихгүй гээд л зүтгээд байна. Айгаад байсан юмаа. Эмнэлэгт хамаг юмаа сайн заалгаж аваад гарья гэж муу санаалаад. Хэхэх. Миний төрсөн эмнэлэг угаасаа жижигхэн хувийн эмнэлэг болохоор их тухтай. Би ч бүх сувилагч нартай нь найз болсон. Анх охин маань уйлаад л байна. Яахаа мэдэхгүй сандраад сувилагчдаа хэлсэн чинь хөхүүлснүү гэж асууж байна. Тэгэхэд л хөөрхий амьтаныг нээрээ хөхүүлдэгшд гэж анх толгойд орж ирсэн гэж байгаан. Хэхэх. Тэгээд бас хаширлаад сувилагчаараа амлуулсан. Гэхдээ харин анхнаасаа тэгээд зөв амлуулчхаар хөхний толгой хагарна гэж байхгүй амар юм байна лээ. Маргааш нь хүүхдийн сувилагч ирээд охины чинь бөгс улаасан байна. Та ойрхон памперсийг нь солиод, бөгсийг нь дан усаар угааж байгаарай гэдэг байнашд. Юу вэ! Нээрээ хүүхдийн чинь памперсийг бас солидог юм байнашд. Ээж нь тэгсэн тийм юм толгойнд орохгүй өдөржин охиноо харж хэвтсээр байгаад бөгсийг нь улаалгачихсан байваа, хө. Ийм л хөгийн ээж байсан тул эмнэлэгээс гарах дургуй байсан юм. Орой болохоор охиндоо санаа зовоод унтаж чадахгүй. Тиймээс хүүхдийн сувилагчид өгнө гээд л үзчихэнэ шүү дээ. Орой болгон хүүхдийн өрөөнд охиноо хүргэж өгнө. Шөнө хөхүүлөх цаг нь болохоор сувилагч аваад ирэнгүүт хөхүүлчихээд үнэн залхуугүй охиноо хүргэж өгчихөөд өрөөндөө эргэж ирээд унтана. Өглөө нь сувилагч нээх хөөрхөн усанд оруулаад, үсийг нь самнаад “Охиноо аваарай!” гээд л ороод ирнэ. Хэхэхэ. Хачин мэт санагдаж байвч залуу ээж нарт зөвлөхөд төрсний дараа ингэж тустай унтаж өөрийгөө сайн тордож авах нь дээр юм байна лээ шүү. Төрнө гэдэг чинь эмэгтэй хүний бие, сэтгэл зүй маш их ядардаг юм байна лээ. Ингэсээр би охиныхоо хүйг унагаад, шарыг нь арилаад, бүх вакцинуудийг нь хийлгэж аваад хамгийн сүүлийн өдөр яаж усанд оруулдагийг заалгаж аваад нэг юм гэртээ гарсандаа. Хэхэ. Миний шар охин чинь хааяа, хааяа сахилгагүйттэг л болохоос ээж, аав хоёрыгоо нэг зовоож байгаагүй, ёстой сайн охин. Ээж нь охиндоо хайрлаад, хайрлаад, үнсээд үнсээд ханашгүй их хайртай! Ямар сайндаа дүү гаргаж өгч чадахгүй л явна. Охин маань өөрөө л дүү нэхэхгүй бол..... Хэхэх.
Ээжийн бяцхан үр минь ээ!
Аз, амьдрал, хайр, инээд, гэрэл, ирээдүйг
Алган дээр минь буулгасан ачит үр минь
Алдрайхан чамдаа ижий нь хайртай
Аяа миний энхрийхэн минь дээ
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!
Жич: Уг нь маргааш яг жинхэн төрсөн өдөр нь боловч хүүхдүүдийн партитай тул завгүй гэж бодоод өнөөдөр бичлэгээ орууллаа. Хэхэ. Шүлгийг эндээс авав.

2 Kommentare:

  1. би угаасаа эмнэлгээс зүү тарианаас айдаг синдромтой тул айгаад дуустал нь уншиж чадсангүй

    AntwortenLöschen