Mittwoch, 13. Mai 2009

Миний хөөрхөн дүү цаана чинь аав болчихсон байна аа!

Сайхан мэдээтэй! Цаана чинь миний бор дүү аав болчихсооон! Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө (манай эндхийн цагаар) буюу 2009 оны 1 сарын 30нд бэр маань миний дүүд 3200 грамм жинтэй, 49 см урттай хөөрхөн охин гаргаж өглөө. Ээж охин хоёрын бие маш сайн байгаа гэнэ. Хэхэхэ. Аав маань охинд нь Мишээл гэж нэр хайрлажээ. Би ч бүр сонсоод баахан догдлов. Орой нь тэгсэн аав жаахан халамцу яриад, аав нь баярлаад үхэхнээ гээд л нэг уйлаад, нэг инээгээд л байна. Тэгснээ 2 хүүгийнхээ хүүхдийг харчихсан одоод үхсэн ч яахав гэж бодсон чинь сахилгагүй шар хүүхнээ, одоо бас Мишээлийгээ том болгох хэрэгтэй юм байна гээд л аав маань бүр хөөрчихсөн ярьж өгсөн.
Нээрээ бодхоор л инээд хүрээд байх юмаа. Саяхан л нусаа татаад л нэг жаахан юм гүйж байсан нэг мэдсэн чинь аав болчиходог гэнэ ээ. Хэзээдээ том болчихов доо. Уг нь насыг нь бодохоор тавийн талыг насалж байгаа хүн чинь одоо аав болохоос ч яахав. Эгчийнхээ сэтгэлд л харин жоохон хэвээрээ л байгаад байх юм. Хэхэхэ.
Анх би дүүгээ төрсний дараа үнэн дургүй байсан юм. Би чинь 5 нас хүртлээ мээмээ хөхсөн жинхэнэ эрхийн маанаг гар. Тэгсэн гэнэт дүү гарч ирээд эгчийн байр суурийг жинхэнэ ганхуулсан гэж байгаа. Ээж, аав чинь дүүгээ битгий ингэ, тэг, болгоомжтой гэж уулга алдаад л …. Ер нь намайг тоож байгаа шинж ер алга. За тэр ээжийн мээм, зээм бүр олдохоо больсон. Хөөрхий муу эмээ маань л жинхэнэ наддаа үнэнч үлдсэндээ. Хамаг “зовлонгийн минь эх үүсвэр” болсон муу дүүгээ би тэгээд өлгийтөй байхаас нь л дээрлэхсэндээ. Орон дээр унтаж байхад нь дээр нь мордоод хацрыг нь чимхэнэ. Жоохон том болсных нь дараа янз янзаар л шоглоод байдаг байсан. Муу юмаа болхоор хүн чинь мартчихдаг юм байна хөөе!
Миний бор дүү 13 настайдаа салхин цэцэгдээд. Салхин цэцэг чинь хүний эмзэг арьстай газраар хамгийн их гардаг юм байна л даа. Тэгээд яахав хөөрхий нөгөө боожгойг нь битүү шаваад гарчихсан. Өсөж буй насандаа байгаа эрэгтэй хүүхэд яахав ичээд л, жорлонд түгжиж байгаад л нөгөө ногоон метилийн спиртээ түрхэж өгнө дөө. Ээж наана нь ээж нь түрхээд өгье, хэзээ ээжээсээ ичиж байсын гээд л аргадаад байхад маяглаад л байсан юм. Тэгсэн байхгүй, нөгөөдөх нь бүр аймар шавж туураад, өөрөө тэрнээсээ айгаад. Хахах. Нэг мэдсэн унтлагын өрөөнд өмдөө шувтлаад зогсчихсон ээжээр түрхүүлж байна. Би яахав дээ. Орж үзнэ гэж дайраад, дүү маань Горзоокийг оруулж болохгүй гэж орилоод, аав хаалган дээр намайг оруулахгүй гээд…. Хахаха. Тэрүүгээр л нэг юм болж байсан юм. Одоо бодхоор хөөрхий муу дүүгээ юунд тэгж айлгаж байсан юм. Хахахах. Нэг удаа бас 2уулаа байлдаж тоглож байгаад дүүгээ түлхээтэхсэн чинь паар мөргөж унаад толгой нь хагарчихсан. Ээж аав 2 нөгөө өрөөнд ТВ үзээд сууж байдаг. Би ч бүр тас амыг нь гараараа дараад л угаалгын өрөөрүү чирж ороод, хүйтэн ус гоожуулаад толгойг нь дүрчихэв. Тэгээд гараа амнаас нь авах гэхээр ээжээ гэж орилох гээд. Хөөрхий амьтныг амыг нь дараад л хүйтэн усанд цусыг нь тогттол барьчихсан гэж байгаан. Тэгээд гайгүй болонгуут нь үсийг нь цэмбийтэл самнаад л ээж аавд хэлэх юм бол хохь нь шүү гээд угаалгын өрөөнөөс гаргав. Би тийм аймар рэкет байсан юмуу, эсвэл дүү маань мартчихсан юмуу ямар ч байсан хэлээгүй л өнгөрсөн юмдаг. Бүүр сүүлд 18тай байхдаа үсээ хусуулсан чинь нөгөө сорви нь гарч ирж ээж аав 2 гайхаад. Тэгсэн дүү маань тээр жил Горзоок намайг паар мөргүүлээд гэж наасан. Хахаха. Ээж аав 2 чи ер нь муу хүүг маань харах нэрийдлээр их дээрлхэдэг байсан байна шүү гээд л инээдэм болж байсан юм.
Намайг харин өсвөр насанд хүрэхэд дүү маань жинхэнэ чөтгөр болсондоо. Тувт мөрдөөстөй, хардаастай. Би зугтаагаастай. Хаана хэнтэй юу хийж явж байгааг манай дүү л мэднэ. Ээж, аав 2 тоохгүй байхад л хойноос утасдаад, хайччихдаг юм, хэзээ ирэх вэ гээд л шалгаадаг нээрээ нойтон хамуу байсан шүү. Нэг удаа би найз охидуудтайгаа дискодох юм болов. Тэгсэн тэр үед найзалдаг байсан залуу маань бас уулзая гээд. Эгч бол дискодох аймар сонирхолтой. Тэгэнгүүт хичээл аймар ихтэй, өнөөдөр хичээл хийгээд гэрээс гарахгүй гээд л хэлчихэв. Тэгээд л найзуудтайгаа сайхан дискодоно биз дээ. Дүүгээ хойноос залгаад байхаар нь утсаа унтраачихсан юм. Ээж, аав 2т хэнтэй явахаа хэлээд гарсан болхоор тайван унтаж л байна. Тэгсэн манай дүү найз залууруу маань утасдаад, “Энэ Горзоок танайд байна уу? Хар шөнөөр алга болчих юм” гээд ярьсан байвал яахуу. Маргааш нь би сургууль дээр байж байсан чинь нөгөө залуу маань ирснээ өчигдөр юу хийв гэж байна. Хичээлээ хийгээд нойр муу, яг ядарч үхлээ энэ тэр гээд би баахан худлаа ярьсан чинь дүү чинь ярьсан гэдэг байнашд. Тэгээд байхгүй уурлаад явчихав. Хахаха. Би чинь бөөн юм болсон амьтан гэртээ ирээд л энэ чинь ингэсэн байна гээд л дүүгээ ээжид ховлож уурлаад. Ээж тэгсэн ямар өвчтэй хог вэ гээд л инээгээд байх юм. Ёстой нээрээ! Хэхэхэ.
За ингээд бичээд байх юм бол бичээд л байх шинжтэй. Гэхдээ больё. Одоо бол миний хөөрхөн дүү, нүдэнд дулаахан сайхан залуу, эгчийнхээ ганц түшиг болсондоо.
Хайрт дүүдээ эгч нь аймар хайртай шүү. Хөөрхөн 2 дүүдээ ээж, aaв болсонд нь баяр хүргээд хорвоогийн аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen