Mittwoch, 13. Mai 2009

Найз минь чамдаа баярллаа

Эртээдээс хойш нэг бичлэг толгойд эргэлдээд байгаа мөртлөө бичих гэхээр болж өгөхгүй байсан юм. Өнөөдөр харин гүрийж байгаад биччихлээ. Хэхэхэ.
Би гэдэг хүн сайн ба зүс мэдэх гээд их олон танилтай. Гэхдээ тэдний дундаас яг найз гээд хэлчих хүн үнэхээр хуруу дарам цөөхөн юмаа. Намайг хүмүүс нүүрэмгий, хүмүүстэй танилцаж найзлахдаа амархан гэдэг ч яг хүнтэй жинхэнэ найз болохдоо бол их хойрго. Миний хувьд бол жинхэнэ найзууд болох процесс нь их удаан, цаг зав, сэтгэл их шаарддаг. Тиймээс би найзуудынхаа хүрээг нээх учиргүй тэлэх гээд хичээгээд байдаггүймаа. Харин танилууд бол өөр шүү. Танилцаад л, танилцаад л явчихана шүү дээ. За тэгээд тэр цөөхөн найзууд дундаас миний хамгийн хайртай нэг найз бий. Угтаа бол энэ бичлэгээ тэр найздаа зориулах гээд л ингээд олон юм нуршаад байгаа юм. 10 жилд байхдаа бид бол салдаггүй наалдан падууд байлаа. Өдөржин хамт, шөнөдөө нэг юм аргагүй эрхэнд гэртээ харьж унтахаар сална даа. За утас үнэгүй байхад бол найз охинтойгоо шөнөжингөө утсаар ярина шүү дээ. Өдөржин хамт байчихаад юугаа ч ярьдаг байсан юм бүү мэд. Хэхэх. Одоо бол хүн бүр өөр өөрийн амьдралыг хөөгөөд тас холбоо тасраагүй ч холоос бие биений сургийг гаргаад л явдаг болж. Гэхдээ хэрэв надаа ямар нэг юм тохиолдох юм бол миний найз л хамгийн түрүүнд гүйж байна гэж би бат итгэдэг юм. Бид 2 2уулаа шартай, зөрүүд. Гэхдээ миний найз насандаа баймааргүй намбатай ба хэрсүүд. Би бол угаасаа эрхийн маанаг. Хэхэх. Тиймээс бид 2т маргалдах, муудалцах юм захаас аваад л гардаг байсан. Одоо бодоход нээх инээдэтэй л проблемууд. Тэр үедээ бол ч тэрийгээ дөвийлгөөд л, уйлж унжаад, бие биедээ гомдоод л гачин юм болно шүү дээ. Хэхэх. Гэхдээ муудалцах болгоны дараа эргээд сайндах нь юутай сайхан.
Миний найз хэрсүү бөгөөд үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн. Тусламж гуйсан нэгэнд хэзээ ч татгалзахгүй. Одоо эргээд бодоход сайн муугаар сэтгэлд үлдсэн амьдралын чухал мөч болгонд найз маань хажууд байж баярлахад минь баярлаж, уйлахад минь аргадаж, хэрэгтэй бол намайг загнаж байжээ. Аз болоход би энэ амьдралд хүн болсноор сайн аав ээжийн буянд дааж давшгүй мэт аймар зовлонг амсаж явсангүй. (3 нулимаад мод тогшив). Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн ухаарал хайрласан хэцүү мөчүүд байдаг бизээ. Түүнтэй адил тэр нэг шөнө миний хувьд тийм л байсан. Ээжтэйгээ муудалцаад хар шөнөөр гэрээсээ гарч гүйчихээд хайчихаа мэдэхгүй явахдаа өөрийнхөө зөрүүд занг зүхэж явлаа. Алхаж явсаар холын хамаатны эгчийнд очиж хоночихоод араас эрж сураглаагүй гэрийнхэндээ гомдоод нойргүй хонож билээ. Өглөө нь сургууль дээрээ ирсэн чинь найз маань гэрийн халат дээрээ хүрэмээ өмсчихсөн нүүрээ ч угаалгүй нуухатай царайтай ирэх замыг минь тосоод сугуулийн хашааны гадаа хүлээгээд зогсож байсансан. Харангуутаа намайг тэвэрч үнсчихээд ээж аавынхаа санааг зовоогоод хаагуур хоноод ирж байгаа юм гээд л нээх үглэж билээ. Хэхэхэ. Тэгэхэд бид 15-16 настай л байсан байх. Анх 18тай байхдаа эр хүнд дурлаж, хаягдчихаад үхмээр байна гээд бас л хар үүрээр найзыгаа орноос нь босгож сандаргасан би муу найзаа. Хэхэх. Утсаар уйлаад байгаа намайг сонсогуутаа л бараг 15 минутын дотор хүүхдийн зуугаас 3р хороололд ирчихсэн нойрмог нүдтэй гэрийн шаахайтай амьтан манай үүдэн дээр зогсож байсан нь саяхан мэт. Би ч найзыгаа намайг аргадах юм байх гээд л эрхлэх гэсэн чинь эцэг эх чинь үхээ юу, өвчин зовлон, үхэл хагацал ирээ юу чи. Юундаа уйлаад, гай дуудаад байдаг юм. Тэгээд очиж очиж нэг хар юмнаас болоод шүү гээд л намайг зад загнаж босгоод, нүүр гараа угаа гарья гээд л аваад гарч билээ. Тэгээд баахан гадуур дагуулж явж сэтгэлийг минь сэргээж байсан юм. Тэгэхэд бид 2 бас л муудалцаж хөндийрөөд 4 сар болж байсандаа. Тэгсэн мөртлөө л хэцүүдэнгүүт би шууд л найзруугаа утас цохиж, найз маань ямар ч тайлбар хүсэлгүй над дээр ирж байсан. Дээд сургууль төгсөөд бид 2 бас л бие биенээс сураг тасраад 2-3 жил болсон байсан үе. Би гэдэг хүн тогоо шиг том гэдэстэй өнөө маргаашгүй төрөх гэж байдаг. Нөхөр маань өөр хотруу ажлаар явчихсан. Ядаж байхад шинэ хотод нүүж ирээд удаагүй. Таньж мэдэх хүн байтугай монголчууд ч байхгүй газар ганцаараа байхдаа гэнэт төрөх болчихвол ганцаараа яанаа гээд л байж байсан. Тэгсэн гэнэт газрын хаанаас гараад ирэв гэдэг шиг найз маань утас цохиод хагас сайнд очно, тосож аваарай гэж билээ. Тэгэхэд би нээрээ аймар баярлаад, бас удаан холбоогуй байсан найзтайгаа уулзана гээд баахан догдолж билээ. Надтай уулзах байтугай жирэмсэн гэдгийг минь мэдээгүй байгаа гэж бодож байсан найз маань манайд ирж надтай ханиндаа 7 хоночихоод нөхрийг маань ирэхэд буцсандаа. Хэхэх. Жилийн дараа мөнгөгүй болоод охиноо монгол явуулчаад, би хичээлээ хаяаад өөр хотруу ажил хийхээр явсан юм. Нэг нь ч гэсэн цаг алдалгүй сурах хэрэгтэй гээд нөхөр маань хотдоо үлдсэн. Хэдийгээр энэ нь түр зуурын байсан ч гэсэн би бас л их сэтгэлээр унаж билээ. Тэгэхэд энэ байдлыг маань мэдээгүй мөртлөө миний найз тохиолдлоор ойрхон хотод байж таарсан юм. Би мөнгөгүйдээ санаа зовоод найзыгаа дуудахад очиж чадахгүй халгаад байхад манай хүн шууд л олон юм ярилгүй хүрээд ирээ гээд би гэдэг хүн хоосон гуяа ганзаглаад найз дээрээ 7 хоног сайхан амарсан. Тэгэхэд миний найз бүхэл бүтэн жуулчны программ гаргачихсан намайг баахан зугаацуулсан шүү. Намайг нэрэлхээд байгааг харчихаад Горзоок минь битгий санаа зовоо. Найз нь одоогоор боломжтой байна. Ийм үедээ л чамайг баярлуулж авья гэхэд миний нүдэнд нулимс дүүрээд сэтгэл догдлоод баярлснаа хэлэх гэсэн чинь хэлж чадахгүй баахан бантсан шүү. Сэтгэлд хамгийн тод үлдсэн явдлуудаас дурьдахад ийм байна. Ингээд бодохоор миний найз бол үнэхээр ерөөлөөр учирсан найз минь.Одоо бид байнга ярьж найзархахгүй ч бие биенийхээ сургийг сонсоод л явдаг. Гэхдээ миний сэтгэлд бол тэр миний жинхэнэ найз.
Миний найз угаасаа нийгмийн идэвхитэй, онц сурлагатай, олондоо нэр хүндтэй охин байсан. Одоо бол тэр монголын урдаа барьдаг мундаг мэргэжилтнүүдийн нэг. Өнгөрсөн хавар монголд байхдаа найз дээрээ очиход нүдэнд дулаахан сайхан монгол эрийн гэрийг гийгүүлээд, хөөрхөн жаахан охины ээж болсон байж билээ. Гэрээс нь жаргалтай айлын халуун дулаан уур амьсгал мэдрэгдээд орсон гарсан хүн болгоны сэтгэлийг дулаацуулж байсан. Хөөрхөн шар охиноо хөхүүлэн, царайнаасаа хайр гэрэлтүүлэн суугаа найзыгаа хараад үнэхээр миний найз ингэж жаргах тавилантай хүн мөнөөс мөн гэж бодохын хажуугаар сэтгэл нээх сайхан болсонсон.
Анх найзалж эхлээд 14 жил болоход одоо болтол найздаа ганц ч удаа баярлaлаа гэж хэлж үзээгүй би нээрээ муу найзаа! Энэ бичлэгээрээ дамжуулаад найздаа мангар том БАЯРЛAЛАА гэе!
Хайрт найздаа болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen