Mittwoch, 13. Mai 2009

Баян Нанзадын бага хүү

Би аавынхаа аавыг сайн мэдэхгүй ээ. Намайг 3 настай байхад бурханы оронлуугаа буцчихсан юм. Ямар ч байсан том хамартай, буурал толгойтой хүн намайг тэврээд л үнсэхэд тамхи үнэртдэг байсныг л санадаг. Ээж маань манай хадам аав аймар том тос даасан чихтэй хачин буянтай хүн байсан гээд л дурсах дуртай. Хэхэх. Аав, ээжийнхээ ярианаас өвөөгөө ямар хүн байсныг ямар амьдрал туулсаныг нь сонсож байснаа цаасан дээр буулгая гэж бодлоо. (Хэхэ. Писиний дэлгэц дээр гэвэл арай дээр ч юмуу?)
Өвөө маань уужим монгол орны маань баруун гэх тодотголтой аймгуудын нэгэнд өндөр хайхан уулаараа нэрлэгдсэн нэгэн суманд үгээгүй ядуу ч үр хүүхдээр баян гөрөөчний гэрт мэндэлжээ. Дөнгөж төрөнгүүт нь нутгийн баян Нанзад гэгч хүн хүүг нь гуйснаар ээж, аав 2 нь дөнгөж мэндэлсэн хүүгээ өргүүлсэн байна. Өвөөгийн маань өргөмөл аав болох Нанзад нь дээд язгуур угсаагүй ч эрдэм номд нэвтэрхий, насаараа төрд зүтгэсэн төрийн түшээ байж. Гэвч нутаг усандаа баян Нанзад гэдгээрээ алдаршсан байдаг. Түүний хөрөнгө нь идэж баршгүй их, таван хошуу малын сүрэг нь хайрхан уулынх нь хөндийг дүүргэдэг, сумын ядуу нэг нь эдний малаас л хариулцаж түшиж амьдардаг байсан гэж одоо ч нутгийн хөгшид дурсан ярьдаг билээ. Амьдрал Нанзадыг эд хөрөнгө, эрдэм номоор дутаагаагүй ч үр хүүхэд заяасангүй. Иймээс Нанзад нутгийн айлуудаас 3 хүүхэд өргөж авч, өөрийн мэт хайрлан энхрийлж, халамжлан өсгөснөөс бага хүү нь миний өвөө юм. Өвөө маань дээрээ нэг эгч (Амниа), нэг ахтай (Баавай). Амниа маань маш өндөр нас сүүдэр зооглосон бөгөөд жоохон байхад өвөөг маань дурсаад л их ярьдаг байж. Айлын бага байсандаа ч тийм юмуу, аавдаа жинхэнэ эрхэлж өссөн хайртай хүү нь. Аав нь хаана, өвөө тэнд л явдаг байж. Гэрийнхээ хойморт цэвэр алтаар цутгасан үхрийн шагайгаар тоглоод суудаг байсан гээд Амниа минь үлгэр шиг ч юм шиг түүх ярьдаг байсан. Өсөх насандаа өвөө маань анд нилээн хорхойтой болж. Төрсөн гэрийнхэнтэйгээ огт холбоогүй байдаг ч сэтгэлдээ тээж явдаг байсан гэж сүүлд төрсөн нэг ах нь аавд маань ярьж байж. Ангаас буцах замдаа морьныхоо хамаг хурдаар төрсөн муу овоохойгийнхоо хажуугаар дайрчих шахан өнгөрөхдөө агнасан гөрөөсөө ч юмуу шидчээд цааш давхина.. Энүүгээр нь л төрсөн ах дүүс нь цусан холбоотойгоо мэдсэнээс огт ийм ах дүүтэйгээ мэддэггүй байжээ. Энэ үед монгол оронд маань улаан хувьсгал мандсанаар хар шар феодалуудын хөрөнгө мөнгийг хураах кампаанит ажил эхлэсэн байна. Энийг мэдсэн аав нь нэг шөнө өвөөг дагуулаад хайрхан ууландаа хамаг хөрөнгөө нуужээ. Өвөө маань сүүлд аавд хичнээн ч толгой торго, лан мөнгө байсан юм мэдэхгүй. Шөнөжингөө л зөөсөн юмдаг хэмээн ярьсан байдаг. Азаар язгуур угсаагүйгээс гадна, эрдэм боловсролтой хүн байсан болхоор аав нь тэр үеийн баривчилгаанаас холуур хоцорсноор барахгүй төрийн хэрэгт зүтгэхээр нийслэл хүрээнд хүртэл иржээ. Өвөө маань аавыгаа дагаж Улаанбаатарт ирээд 1р дунд сургульд сурч дүүргээд цэргийн албанд мордсон байна. Энэ бол хэлмэгдэлтийн хар үүл улс орныг нөмөрч айл бүр дор дороо түгшин амьдрах болсон цаг үе. Нэг харанхуй шөнөөр аавыг нь ногоон хувцастай цэргүүд баривчлан авч явснаар өвөөгийн маань амьдрал орвонгоороо эргэсэн гэдэг. Эсэргүүний хүүхэд тодотголтой түүний өмнө бүх хаалга хаалттай болж. Цэргийн дарга байсан хүргэн ахын буянаар тэр нэгэн бүрэнхий орой өвөө маань хайрт аавтайгаа сүүлчийн удаа уулзсан байна. Турж эцэн, толгой дээгүүрээ дээлээ нөмрөн гарч ирсэн аавыгаа хараад сэтгэл нь ямар их шимшрээ болдоо. Аав нь тэгэхэд „Аав нь хүүхдүүдтэйгээ дахиж уулзахгүй байхаа. Миний хүү үүнээс хойш төрсөн ааваараа овоглоод, бушуухан нутаг буцаж, тэндээ амьдраарай“ гэж захиад хүүгээ нэг үнсэн, дээлээ нөмрөөд явжээ. Өвөө аавын захиасыг даган овгоо сольж, төрсөн эцгийн нэрээр овоглоод нутаг буцсан ба тэндээ ээжтэйгээ хамт амьдрах болсон байна. Нутагтаа ирээд удаа ч үгүй хань ижилтэй болон дөрвөн ч хүүхдийн эцэг болжээ. Амьдрал угаасаа хатуу үедээ хатуу юм болхоороо, 4 хөөрхөн үрээ орхиод хайрт хань нь бурханы оронд заларч. Хэдий ээж нь тус дэм болдог ч 4 өнчин хүүхэдтэй ганц бие залуу эрд хэцүү л байсан биз. Удсангүй өөрөөсөө нилээн насаар дүү нэгэн охиныг эхнэрээ болгож авсан нь миний жижиг эмээ. Эмээ, өвөө 2 маань суугаад гарсан анхны хүү нь миний аав. Аавыг 1 настай байхад эмээ, өвөө 2 маань хэдэн хүүхдүүдээ аваад хотруу нүүж ирэн Зайсангийн энгэрт бууснаар их хот маань аз жаргалтай нэгэн өрхөөр бүл нэмсэн байна. Аав маань хойноосоо 6 дүү дагуулсан булган сүүлтэй хүү байсан ба өвөө эмээ хоёр маань 11 хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Одоо энэ 11 өсөж үржээд хэд ч болсон юм тоогоо алдсан. Эдэн дотор олиггүй амьдарч байгаа хүн нэг ч байхгүй. Цөм л сайн сайхан явж, бие биендээ дэм болон элэг бүтэн амьдарч байгаа нь өвөө, эмээ 2ын маань буян бизээ. 90 оны ардчилсан хувьсгалын дараа аавын маань бага эгч төв архиваас өвөөгийн аавын тухай бичиг баримтыг хайлгуулснаар эсэргүү хэмээн буудуулж таалал төгссөнийг нь бид мэдэж элэнц өвөг маань цагаадсан билээ. Хөөрхий өвөө маань харин аавыгаа цагаадсаныг дуулж амжилгүй бурхан болсондоо. Харин нөгөө ууланд нуусан хөрөнгийн нууцыг өвөө маань тэр чигээр нь аваад одсон гэдэг. Аав маань жаахан байхдаа саваагүйтэж "Ааваа, тэрийг чинь очиж хайя. Байгаа ч юм билүү?" хэмээн асуухад өвөө маань толгой сэгсрэн "Тэрийг битгий дурс, март!" хэмээн тушаасан гэж аав маань өгүүлнэ.
Хэдэн жилийн өмнө аав маань нутагтаа анх очсон юм. Тэгэхэд нутгийн хөгшчүүл өө тэрний хүү гээд аавыг маань хүндлээд сүйд болон орсон айл, уулзсан хүн болгон аавыг маань өвөг эцэг, аав 2ынх нь тухай сайхан дурсамжаар угтаж байсныг дурсан ярихдаа аав маань аргагүй л догдлон удам угсаагаараа бахархан суусансан.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen