Mittwoch, 13. Mai 2009

Бандихай

За өнөөдөр бас дахиад нэг дурсамж бичнэ ээ. Дурсамжуудийг бичээд байхгүй бол бага багаар мартаад байдаг юм шиг байна.
Хүүхэд настай минь салшгүй нэг хүн бол миний "Бэбиситтер" Бандихай минь байгаа юм. Хөөрхий минь намайг 4 настай байхад бурхан болж би гэдэг хүн эргэж буцалтгүй цэцэрлэгийн хүмүүжигч болсон юм. Яг үнэнийг хэлэхэд Бандихай манай ямaр хамаатан гэдгийг би тодорхой хэлж мэдэхгүй. Ямар ч байсан эмээгийн талын хамаатан.
Сүүлд харин бодоод байхад эмээгийн маань нагац ах байсан шиг байгаа юм. Эмээгийн ээжийн саданд Том Бандихай гээд их эрдэм номтой лам хүн Их Хүрээнд суудаг байжээ. Тэр хүнд манай жижиг Бандихай анх шавиар орж Хүрээний олон банди нарын тоог нэгээр нэмсэн гэдэг. Бандихай маань насанд хүртлээ багшийнхаа дэргэд байж эрдэм ном сурсан гэдэг. Гэтэл 1921 оны Хувьсгал мандаж Бандихай маань багштайгаа хамт Хүрээнээс дүрвэж төрсөн нутагдаа суурьшаад хэдэн жилийг ардаа хийв. Нэг өдөр харин багш нь Бандихайг дуудаж "Миний хүү цаг цөвүүн болж байна. Миний хажууд байгаад чамд тус болохгүй. Надаас холдож хар болон амьдар" гэсэн гэдэг. Бандихай багшийгаа орхиж явахгүй гэж зүтгэсэн боловч багш нь уурлаж хөөгөөд явуулсан нь хөөрхий шавийнхаа хувь заяанд санаа зовсоных бизээ. Ингэж явснаас нь хойш удаа ч үгүй Том Бандихай эсэргүүн гэгдэн баривчлагдаж, дараагаар нь буудуулж бурхан болсон гэдэг. Бандихай маань харин багшиийгаа баривчлагдан явж байгааг уулын орой дээрээс харан, харан уйлж зогссон юм. Тэрнээс хойш Бандихай маань хар болж амьдарсан ч номынхоо мөрийг хөөсөөр ирсэн билээ. Тэрээр хүнтэй суугаагүйгээс гадна насан туршдаа бясалгаж, ном уншин лам хүний бүх ёс жаягийг сахиж ирсэн байж. Бандихай маань өвөөг өнгөрснөөс хойш эмээд маань хань болон хамт амьдрах болсон юм. Бандихайг эрдэм номтой лам хүн гэж тэр хавиар тархаснаар эмээгийнхрүү тэр хавийнхан цувж эхлэсэн гэдэг. Тэдний дотор тэр үеийн сайд дарга нарын авгай нар их ирдэг байсан ба тэр үеийн ховор нандин чихэр жимс байнга авчирдаг нь ээжид маань их таалагддаг байжээ. Хэхэхэ. Ирсэн бүгдийг Бандихай маань ивээлдээ багтаагаад л даатгаад явдаг байж. Үүний хажуугаар Дотоод Яамныхан Бандихайг минь байнга л дуудаж байцааж, шалгадаг байсан гэдэг. Тэр хэмжээгээрээ Бандихай их болгоомжтой, хэр баргийн хүнд хаалга тайлж өгөхгүй ба сүсэгтэн олон нь дандаа харанхуй бүрийгээр л ирнэ. Гэвч До яамныхан Бандихайг шалгаж тандахаас нээх хэтрээгүй. Бандихай маань бурханаа тахиж, ном уншсаар л байсан. Үүний хажуугаар манай Бандихай үнэхээр амттай хоол хийнэ. Хар багаасаа хүрээнд шавилан суусан лам нар тийм сайхан хоол хийж сурдаг байсан гэсэн. Мөн их уран сийлнэ, зурна. Одоо ч манайд Бандихайгийн сийлсэн шатар, бурханы хөрөг бий. Би бүр сүүлд манайхтай нэг байранд байсан ахынд санамсаргүй байдлаар орж таарсан юм. Тэгсэн тэр хүн манай Бандихайг ярьж, номтой байсныг нь биширхэд би ихэд гахаж билээ. Тэгсэн тэр ах цаад өрөөнөөсөө нэг зүйл авчирсан нь хоорондоо ноцож буй 2 азаргын сийлбэр байсан. Тэрийг Бандихай маань сийлээд Хулан, Хонгор гэж нэр өгөөд тэднийд дурсгасаныг тэр айл ихэд шүтэн дээдэлснээр барахгүй охин, хүү 2тоо мөн Хулан, Хонгор гэж нэр өгсөнийг сонсоод би өөрийн эрхгүй бахархаж билээ.
Ээж, аав 2 маань нэг гэрт орсны дараа удаа ч үгүй хөөрхөн охинтой болжээ. Ээж охиноо тэврэн гэртээ гарч ирэхэд Бандихай хараад та 2ын хүүхэд биш байнаа гэж хэлээд ээжийн уурыг хүргэн уйлуулж байж. Тэгэхэд Бандихай эмээд маань энэ охинд энэ хорвоо дээр нас байхгүй. Би эхийг нь бодоод хэдэн жил гуйна. Гэхдээ надаас хойш явцгүй ээ. Насыг чинь жил болгон нэг насаар гуйдаг юм гэж байсан гэж эмээ маань бүр сүүлд надад ярьж байсан. Охиныг 1 ой хүрдэг жил би ээжийн гэдсэнд олдсон ба ээжийг 7 сартай жирэмсэн байхад охин нь уушигны хатгалгаар өнгөрсөн гэдэг. Эмээ маань харин дахиад хүүхэд олдонгуут Бандихай охинд нас гуйхаа зогсоождээ гэсэн бодол дотроо тээжээ. Ээж маань анхны үрээ алдаад сэтгэлийн их шаналал эдэлж байхад нь төрсөн болоод тэрүү би их өвчтэй, туниа муутай хүүхэд байсан юм. 2 нас хүрдэг жил миний тархи хөдөлснөөр эмнэлэгт хэвтэж. Европ эмнэлэгт тархи хөдлөхөд нугасны ус авч эмчилдэг гэж та бүхэн мэдэх байх. Аав ээж бид 2ыг эмнэлэгт хэвтүүлээд өөрөө бариач хайхаар явж л дээ. Энэ хооронд эмч нар надаас нугасны авч. Ээж маань эсэргүүцээд дийлээгүй гэсэн. Нугасны ус авсан даруйд би татаж ухаангүй болж. Аавыг ирэхэд ээж маань нус нулимсандаа хутгалдсан орон гаран хүн миний орны хажууд сууж байсан гэдэг. Намайг ухаангүй 7 хоноход эмч нар ямар ч найдлагагүй гэж ээж аав 2т хэлж. Ээж маань хүнд цөхрөнө гэж байдаг юм байна лээ. Тэр үед би одоо ингээд л үхэе гэж бодож байсан гэж ярьдаг юм. Тэгэхэд 24хөн настай ээж минь ганцхан 7 хоногт цав цагаан толгойтой болсон юмдаа. Энэ үед Бандихай маань харин ээж аав 2ыг дуудаад энэ хүүхдийн амь хутганы үзүүр дээр дэнжигнэж байна. Наашлуулах арга зам бодоё. Би өнөөдөр ном уншиж хононо. Өдөр шөнийн заагаар сэрэхгүй бол надруу хараад хэрэггүй шүү гэж хэлээд ээжийн левчик дээр барын тамга дарж өгөөд явуулж. Нээрээ л тэр шөнийхөө үүрээр би ааваа гэж сэрсэн гэдэг. Ингэж л Бандихай маань миний аминд орсон хүндээ. Тэр үед надтай хамт 14 хүүхдээд нугасны ус авахад би бас нэг охин 2 л амьд гарсан гэж аав маань ярьж байсан. Ээж аав 2 ч эргэж буцалтгүй шүтлэгтэй болсон юм.
Тэр цагаас хойш би гэдэг хүн гэртээ Бандихайгийн хамт байх болсондоо. Бандихай маань ээж, аав, эмээг ажилдаа явангуут л эрхээ эргүүлээд мааниа уншаад суучихана. Би тэр хооронд нь уйдаж үхнэ. Тэгээд л хаалга дугархаар баярлана гэж. Бандихай маань дүлий болхоор сонсохгүй мунгинаад л, бид 2 их л хөглөдөг байж. хэхэхэ. Их эрдэм номтой хүн тэгдэг юмуу бүү мэд Бандихай маань харин бурханы оронруу яавах цаг нь ирсэнийг мэдсэн бөгөөд 3 хоногийн өмнөөс биеэ бэлдсэн байсан гэсэн. Гэрээс гаргасан мөртлөө шарил нь ер өмхийрч муудаагүй гэж ээж аав ярьдаг юм. Бандихайгийн хэлснээр ээж аав 2 их олон ном судар үлдсэнээс ихэнхийг нь Ганданд хандивлаад ганц л "Алтангэрэл" хэмээх судар авч үлдсэн ба тэр судраа одоо болтол шүтэн дээдэлж, жил болгоны цагаан сараар салхи оруулан хуруулдаг билээ. Ум мааний баднэ хум.

1 Kommentar:

  1. уиртай л юм. мундаг лам нар бурханы орон руу явах цагаа мэддэг, эртнээс биеэ бэлддэг гэдэг үнэн байхаа. нутгийн олондоо хүндлэгдэсэн их эрдэм номтой лам, нутаг нугынханыгаа гэнэт дуудаж гурвын өдрийн найр наадам хийгээд гурав дахь өдрөө тулгынхаа хажууд суугаагаараа өнгөрсөн байсан... гэсэн яриа дуулсан. хүмүүсийг цайлж баясгаж байгаад нэг харахад л мэдэгдэлгүй өнгөрсөн гэдэг.

    AntwortenLöschen