Freitag, 27. Mai 2011

Замд төрсөн бодол

1р үзэгдэл:
Далай эрэг дээрх жижиг хотод хавар иржээ. Үд дунд хэвийн нар жаргах тийшээ хандан тэнгэрийн хаяаг улааруулан харагдана. Тэнгэр дээр бүртийх ч үүлгүй, далайн ус цэлэлзэн намуухан тайван харагдана. Эрэг дээрх жижиг сандал дээр 30 гарч яваа нэгэн эмэгтэй цаасан аягатай кофе уун сууна. Далайн усанд 2 цагаан хун хөвөх ба эрэг дээр нэг бяцхан охин хунгуудад талхны үртэс шидэн, тэрэндээ хөөрч жаргалтай нь аргагүй инээх нь цаанаа л хайр хүрмээр. Сандал дээрх эмэгтэй охиноо хайр шингэсэн харцаар харан инээмсэглэх ба үе үе өндөлзөх нь охиныг усруу унахвий гэж болгоомжлох нь илт.
2р үзэгдэл:
Шөнийн харанхуй нөмөрсөн нам гүм хотын нэгэн дүүргийн, нэгэн байшингийн, 3 давхрын цонхны цаана бүдэгхэн гэрэл гэрэлтэн харагдана. Унтлагны өрөөний голд байх том орны 2 талын шүүгээн дээр шөнийн чийдэн гэрэлтэн асна. Орон дээр эхнэр, нөхөр унтахаар хэвтэх. Нөхөр нь орны хажуу дахь сандал дээр байрлуулсан ноүтбүүк дээр кино үзэн хэвтэнгээ халуун ташаанд нь нуруугаа дулаацуулахаар наагаад хажууд нь ном уншин хэвтэх эхнэрийнхээ үсийг аажуухан элэх нь нэгэн жаргалтай гэр бүлийн нэг өдөр дуусч байгааг илэрхийлэх мэт. Удалгүй эхнэрийн нүд анилдсаар, номоо дэрэн дээрээ алдахад нөхөр нь номыг нь авч хураагаад, нүдний шилийг нь эвтэйхэн авч шүүгээн дээр тавиад, хөнжлөөр нь сайтар хучин өөрөө киногоо үргэжлүүлэн үзнэ.

3р үзэгдэл:
Нар дээр хөөрч цонхны цаанаас хурцаар тусахыг анзааралгүй унтаж буй гэр бүлийн хоёрыг харахад амралтын өдөр эхэлж байгаа нь илт. Удалгүй аяархан гэтэх хөлийн чимээ гарсаар хаалга онгойн 6-7 насны охин нойрмог нүдээ нухалсаар орж ирнэ. Охин шууд ээжийнхээ өвөрт орч хажуугаар нь хэвтээд хүйтэн хөлөө гэдсэндээ нааснаар ээж цочин сэрэв.

Хахахах. Ёооо бодсон чинь бүр нүдэнд харагдаад инээд хүрчихлээ.

За та бүгд бүгдээрээ таасан байх. Энэ бол миний амьдралд өдөр тутамд тохиолдох үзэгдлүүдийн нэг. Би нь уран сайхан ч биш, дээрээс нь үгийн баялагаар тун муу тул сайхан бичиж чадсангүй гэхдээ яахав ерөнхийд нь яг юуг төсөөлөх гээд байгааг минь ойлгосон байх.
Хадууралгүй үндсэн сэдэвдээ орьё. Хэхэ. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вээ гэвэл ингээд эргээд бодоход энэ үзэгдлүүдийг би нь бага залуу байхдаа кино дээрээс үзэж, номноос уншин ингэх юмсан гэж төсөөлж, мөрөөддөг байлаа. Хэхэ. Тэгээд сүүлд нь хараад байхад ингээд мөрөөдөл биелчихсэн байдаг юм байна. Даан ч яг тэгэж биелж байх үед нь хүн өөрөө тэрийгээ үнэлж бүрэн мэдэрч чаддаггүй юм байна аа гэж хэлэх гээд байгаан. Хэхэх.
Жишээлбэл эхний үзэгдэл дээр тэр кофе ууж байгаа эмэгтэй бол Горзоок би гэж ойлгосон байх. Хэххэ. За тэгээд Горзоок нь ямар сайхан өдөр вэ, би ямар жаргалтай хүн бэ гэж бодож суусан гэж боджийн уу? Үгүй чиш. Энэ нэг хүүхэд унахвий дээ, ирээд хажууд томоотой суугаасай., ер нь энэ хунгуудыг хооллож болжийн уу үгүй юу, нөгөө шувууны ханиад энэ тэр гээд өвчин авчихвий дээ гэх мэт есөн шидийн дэмий юм бодож өөрийгөө стрессдүүлж суудгийн. Хэххэ
2р үзэгдэл дээр бол энэ нөхөр одоо киногоо болиосой, орой болгон л кино үзэхийн хайран цаг. Ядаж байхад энэ нэг матрацны хатуугээ. Энийгээ нэг сольчих юмсан. Ингээд алаан, хядаантай юм үзэж байхаар энэ матрацаа солиосой. Угаасаа намайг хүн гэж тоох биш гэх мэтчилэн номондоо ч анхаарахгүй өөрийгөө зовоож хэвтсээр давсандаа явна даа. Хэхэх

3 үзэгдэл дээр бол Ёооо юу вэ! Оймсоо өмсөөчээ, наад хөл чинь цэл мөс, тэгээд ханиад хүрэх гэж байгаан гээд л үглэнэшд. Хэхэх

За энийг уншаад, намайг тэгээд нэг аймар үглээ, хажуудхаа зовоосон хүн гэж битгий бодоорой. Өөрийгөө өмөөрчхий. Хэхэ.

Зүгээр л хүн угаасаа байгаа юмандаа ханаж цаддаггүй, дандаа илүүд шунаж, илүүрүү тэмүүлдэг амьтан юм байна даа гэж хэлэх гэсэн юм. Яг ингээд эрэгцүүлээд бодохоор өдөр тутамд, хүний мөрөөдөл биелж, жаргалтай мөчүүд их байдаг юм байна. Тэр болгоныг олж харж, гүйцэд мэдрэх чадвар ёстой далай ламд л байдаг байх. Хэхэх.
Мань мэт нь бол өдөр тутмынхаа ажилд түүртээд хамаг сайхан мөчүүдээ ингээд л хажуугаараа өнгөрүүлдэг байна.
Та нар ч гэсэн нэг сайн эргэцүүлээд бодоод үзээрэй! Аягүй бол мөрөөдөж, хүсэж байсан юм чинь аль хэдийн амьдралд чинь биелчихсэн байгааг мэдэлгүй л явж байгаа даа. Хэхэ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen